ЭХ АНГИЙН БАГШ

ДОРНОД АЙМГИЙН ЕБС-ИЙН БАГА АНГИЙН БАГШ НАР, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙГ МЭДЭЭЛЭЛ, АРГА ЗҮЙ, ЗӨВЛӨГӨӨГӨӨР ХАНГАНА.

1-3-р ангийн сурагчдад үгэн үнэлгээ өгнө.

2013-09-10 09:18

Энэ хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үнэлгээний журамд өөрчлөлт орсон байна. Энэ талаар БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяраас тодрууллаа.

Сурагчдын үнэлгээний журамд өөрчлөлт орсон гэсэн. Энэ талаар тодруулаач?Өмнө нь мөрдөгддөг байсан үнэлгээний журам нь сурагчдын  мэдлэгийг шалгадаг байсан.
Харин шинэчлэгдсэн үнэлгээний журам нь сурагчдын сурлагын төвшин, ур чадварыг дүгнэдэг болсноороо онцлогтой. Өөрөөр хэлбэл, ЕБС-ийн сурагчдын хувьд хичээлээ зөвхөн улирлын эцсийн шалгалтад зориулж хийх бишөөрийн боловсролын төлөө хийдэг болох юм. Учир нь эцэг эхчүүд хүүхдийнхээ ур чадвар, сурлагын төвшинд анхаарах биш дүнг харж хүүхдээ дүгнэдэг болоод байна. Тиймээс уг асуудлыг таслан зогсоох зорилгоор шинэ журмыг баталсан. Шинэ журам хэрэгжиж эхэлснээр сурагчид тухайн өдрийн нөхцөл байдлаас шалтгаалан шалгалтаа муу үнэлгээтэй өгснөөр нь сурлагын төвшинг тодорхойлж болохгүй болж байгаа.
 
Шинэчлэгдсэн үнэлгээгээр сурагчдын ур чадварыг дүгнэхдээ хувиар дүгнэх үү?
-Шинэчлэгдсэн журмаар I-III ангийн сурагчдын хувьд багш нь дүнгийн хуудсан дээр тухайн хүүхдийн сурлагын чадвар болоод хүмүүжлийн талаар үгэн үнэлгээ бичнэ. Өөрөөр хэлбэл, чадвар тус бүртээ өөр өөрийн гэсэн тусгай үнэлгээтэй байгаа. Харин IV-V ангийн сурагчдын сурлагын үнэлгээг хувиар тооцож тавина. V-IX ангийн сурагчдыг үсгэн үнэлгээ болон хувиар тооцож, ахлах ангийн сурагчдын үнэлгээг -A, +A гэх зэргээр дүгнэх юм. Үүнээс гадна улирлын эцсийн дүнг 60 хувийг нь хичээлийн явцад, 10 хувийг ирцээр, 30 хувийг улирлын эцсийн шалгалтаар авдаг болно. Тиймээс үнэлгээний шинэ журам хэрэгжиж эхэлснээр бага ангийн сурагчдыг дэмжих, дунд болон ахлах ангийн сурагчдын сурлагын чанарыг бодитоор үнэлэх боломжтой болж байгаа. Түүнчлэн улсын шалгалтын журамд мөн өөрчлөлт орохоор болоод байгаа. 
 
Улсын шалгалтын журамд ямар өөрчлөлт орсон юм бэ?
-Өмнө нь ЕБС-ийн сурагчдын улсын шалгалтыг тухайн сургуулийн захиргаа нь эсвэл тухайн аймгийн боловсрол соёлын газраас авдаг байсан. Харин одоо манай яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газраас авдаг болж байгаа. Тодруулбал, тав болон есдүгээр ангийн улсын шалгалтыг түүврийн аргаар авна. Энэ нь бүх хүүхдүүд улсын шалгалт өгөх биш түүврийн аргаар сонгогдсон аймаг, сумын сурагчид улсын шалгалт өгнө гэсэн үг. Ингэснээр сурагчдын сурлагыг илүү бодитой, шударга үнэлэх боломж бүрдэж байгаа юм. Харин 11 дүгээр ангийн бүх сурагч улсын шалгалт өгөх бөгөөд шалгалтын үнэлгээ нь элсэлтийн ерөнхий шалгалттай нь шууд хамааралтай болж байгаа. 11 дүгээр ангийн шалгалт нь ирэх жилээс мөрдөгдөж эхлэх юм.
 
Үнэлгээний журамд орсон өөрчлөлт нь өмнөх журмаас юугаараа давуу байх вэ?
-Эцэг эхчүүд үнэлгээ гэдгийг дүн гэж ойлгодог. Гэтэл дүн нь хүүхдийн тухайн үеийн нөхцөл байдлыг илэрхийлж чадахаас биш сурлагын чанарыг илэрхийлж чадахгүй. Харин шинэчлэгдсэн үнэлгээний журмын давуу тал нь сурагчид эцэг эхчүүдээ дүнгээр хуурдаг, дүнгийн төлөө явдаг, багш хүүхдийг тухайн өдрийн шалгалтаар биш бүтэн улирлын хичээлийн явцаар дүгнэдэг болох зэрэг олон давуу талууд бий.

Г.Нэргүй
Эх сурвалж: www.mminfo.mn


 
Ангилал : МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ | Нийтэлсэн : Bumaa | Уншсан (70) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл